"Монгол хүн жар хүрч ухаан ороод жаран нэгтэй үхдэг" гэж хятадууд ярьдаг хэмээх ам дамжсан яриа байдаг. Би өдий олон жил хятад хэл соёлын хүрээнд аялахдаа тийм хэлц үг байдагтай тааралдаж байсангүй. Магадгүй энэ үг манай эндэхийн цагаач хятадуудын дундаас гаралтай байхыг үгүйсгэхгүй л дээ. Харин хятадуудын дияаны нэгэн домогт "73 настай өвгөнөөс нэг хүн нас сүүдрийг нь асуухад 3 настай хэмээн хариулсан тухай домог бол бий." Нөгөө хүн ихэд гайхсан янзтай байхыг хараад мөнөөх өвгөн "Би сүүлийн гурван жил л жаахан хүн шүү ухаан сууж, ертөнцийн мөн чанарыг там тумхан гадарлах боллоо. Үүнийгээ би жинхэнэ ухаан сууж хүн байсан хугацаа хэмээн тооцож байгаа хэрэг" хэмээн хариулсан гэдэг.


Амьдрал дунд хутгалдан явахад "Ухаантай залуу шүү" гэсэн үг хааяа чих дэлсэж л байдаг. Хүний ухааны цар хэмжээг барагцаалах хэмжүүр баримжаа чухам юу юм бол гэж та бодож үзсэн үү? Хэн нэгэн хүнийг "Ухаантай" хэмээн тодотгоод орхино гэдэг цаад утгаараа бол бас л их хийсвэр, ерөнхий зүйл биш гэж үү? "Ширээ" хэмээн хэлэхэд хүний тархинд ширээний талаарх тун бүдэг бүрхэг ойлголт төрөхөөс биш угтаа дөрвөн хөлтэй, гурван хөлтэй, төмөр ширээ, модон ширээ, дөрвөлжин тавцантай, гурвалжин тавцантай, дугуй тавцантай... гэх зэрэг тоо томшгүй олон ширээний чухам алин болох нь ойлгогдохгүй өнгөрнө өө дөө. Ер нь үг, нэр хэмээгч ийм л хийсвэр ерөнхий чанартай байдаг ажээ.


Дээрх утгаар авч үзвэл "Ухаантай" байх гэдэг бас л маш ерөнхий хийсвэр ухагдхуун юм аа. Нөгөө талаар тун харьцангуй зүйл л дээ. Өөрөөр хэлбэл хорин нас, гучин нас, дөч, тавин насны ухааны шандас хэмээгч тэс өөрөөр ойлгогдох нь олонтоо. Үүнийг нэг сайн номыг хорин насанд уншаад авч байсан ухаарал гуч дөчин насны өндөрлөгөөс уншсан хойно эргээд харахад бас л их чамлалттай санагддагаас олж мэдэхэд төвөгтэй биш.


Тэнгэрийн бошгыг ойлгох насны өндөрлөгөөс "Ухаан" хэмээгч хийсвэр ухагдахууны баримжаа чухам юу болохыг цэгнэн бодоод үзэхэд "АЧЛАЛ ТАХИМДУУ ЁСОН" хэмээх үг амнаас уначих гээд байдаг болсон байна лээ. Би их сургуулийн гайгүй оюутан гэгдэж явах үедээ эрдэмт багш нараасаа Күнзийн суртгаалд "Ачлалт ном" хэмээх хөлгөн судар байдаг. Түүнийг Юань гүрний үед зүүн гарын чансан Болдтөмөр хэмээгч гүүш анх "Монгол бичигт" хөрвүүлсэн. Мөртлөө нэрийг нь "Тахимдуу бичиг" хэмээн хөрвүүлсэн юм хэмээн сонсож байсан л даа. Өөрөөр хэлбэл ийм нандин судар ном лугаа тийм эрт танилцах завшаантай байсан атлаа утга чанарыг нь ухан ойлгож хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай, тэмдэг дохио төдийхөн үг үсгийг нь хадны цууриа мэт давтан уншиж байсныг бодохоор өөрийгөө мулгуу тэнэгийн туйл байж дээ хэмээн халаглан харуусмаар үе цөөнгүй санагддаг нь нээрэн ч нэг бодлын монголчууд бидний оройхон ухаан суудгийн сонгодог жишээ гэмээр юм уу даа?


Үүнийг уншин суугаа нүүр номын залуу уншигч та төрүүлж өсгөсөн аав ээж тань хэзээ нэгэн цагт өөрсдөөс чинь дутахгүй залуу зандан, сайн сайхан явсан үе бий. Өдгөө тэд нарын маань насны нар хэвийж хөл гар, нүд шүд, сонсгол муудаж ой ухаан нь барагтайхан болоод өөрсдөд нь хичнээн амаргүй байгаа бол? Хэзээ нэгэн цагт би ч гэсэн энэхүү байгалийн жамыг тойроод биш, дайраад гарах үе ирнэ. Тийм болохоор аав ээж, өвөө эмээгээ илүү их хайрлан хүндлэх учиртай бус уу хэмээн бодож байсан бол би тийм залууст "Ухаантай" хэмээх тодотголыг харамгүй өгөхсөн.


Би эрдэм боловсролын гол суурь СЭТГЭЛ ТОГТОХУЙ хэмээн цөөнгүй бичлэгтээ дурьдаж байсан. Тэгвэл боловсролын эцсийн зорилго чухам юу вэ гэдэг асуултанд жаахан ёгт маягаар хариулваас "ЖАРАН НАСТАЙ УХААН СУУГААД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ТАРХИНД ХОРИН НАСТАЙ БАЙХАД АМЬДРАХ УХААНЫ ҮРИЙГ СУУЛГАХУЙ" хэмээн товчоор тодорхойлж болмоор ч юм шиг. Та бүхэн өөрсдийн энэ талаарх санаа бодлыг харамгүй бичээрэй.


Д.Болдбаатар



0
0
打赏
收藏0